Languages

Хичээл 2

Есүс яагаад загалмай дээр нас барах ёстой байсан бэ?

Энэ асуултанд хариулт авахгүйгээр Бурханы сайн мэдээг ойлгохгүй.

Учир шалтгааныг нь ойлгох цорын ганц арга бол Бурханы хариултыг сонсох юм. Есүс хүн төрөлхөтний амьдралыг өөрийн биеэр туулж, биднийг нүглийн хүлээснээс чөлөөлж, өөрсдийн зөрүүд байдлаасаа болж тусгаарлагдчихсан байсан Бурхантай минь биднийг эвлэрүүлэн зуучилхын тулд өмнөөс минь нас барсан. Ингэж гэмээнэ тэр бидний хайр ба зориулалтыг авах бүрэн эрхтэй болсон.

Яагаад заавал түүний арга барилаар энэ нь гүйцэлдэх ёстой байсан юм? Учир нь тэр ийм аргыг сонгосон юм.

Амь амьдрал цусанд байдаг гэж Бурхан хэлсэн. Гэмт цусаар нүглийг үл цайруулахын адилаар зөвхөн цэвэр ариун цус урсгаж байж л хүмүүс уучлагдах боломжтой. Цус цэвэр ариун тул гэмийн шийтгэл болох үхлийн хараалаас ангид бөгөөд тийм цус л төгсөшгүй амийг өгч чадна. Есүс бол бидний төлөө амиа өргөхийг сонгосон цорын ганц үнэхээр ариун хүн билээ.

Түүхийн туршид Бурхан бидний төлөө амиа өргөнө гэж амласан. Есүс тэрхүү эш үзүүллэгийн дагуу амьдарснаараа Бурханы амлалтууд итгэж болохуйц, үнэн болохыг харуулсан билээ. Есүс өөрийг нь төрөхөөс ч өмнө бичигдсэн 300 гаруй эш үзүүллэгийг бүгдийг нь биелүүлсэн юм.

Есүс үхлийг сонгосноороо юуг гүйцэлдүүлсэн болохын заримыг доорх жагсаалтаас харцгаая:

  1. Тэр биднийг Бурхан руу авчрахын тулд амиа алдсан.
  2. Түүний сүнс бидэнд амь амьдрал авчирсан. Бид өөрсдийн хорон муугаа үхүүлж, ялан дийлэхдээ түүний Сүнсээр улам амьд болж байдаг.
  3. Тэр бидний гэм нүглийн төлөөсөнд тамлуулсан бөгөөд түүний бидний өмнөөс хүртсэн шийтгэл бидэнд амар амгалан, эдгэрэлийг авчирсан.
  4. Тэр дуулгавартай байснаараа эш үзүүллэгийг биелүүлсэн.
  5. Тэр загалмайд хадагдсанаар Бурханы өмнө бидний бүх өрийг төлсөн бөгөөд энэ нь Бурханы шударга байдалд нийцсэн юм.
  6. Бидний хүртэх ёстой байсан тэр их доромж, гутаал, орхигдлыг тэр үүрчихсэн учраас бид хүлээн зөвшөөрөгдөхүйц хүмүүс болсон.
  7. Тэр эсэргүүцэлгүйгээр, харин ч сайн дураараа бидний төлөө амиа өргөхийг сонгож хүмүүсийн гарт нас барсан. Ийнхүү тэр амийн солилцоог хийж бидний амийн оронд өөрийн амийг өгсөн юм.
  8. Тэр өөрөө аминч бус байдал бусдад хэрхэн үйлчлэхийн төгс жишгийг бидэнд тогтоон өгч дэлхий ертөнцийг цэвэрлэн ариусгасан.
  9. Тэр модонд өлгөгдөж бидний хараалыг өөртөө авсан тул бид хорон муугийн боолчлолд өртөх хараалаас чөлөөлөгдсөн.
  10. Адамын нураасныг тэр бүтэн болгов. Хамгийн анхны хүн болох Адам хорон муу хүсэлгүй төрсөн боловч түүний бодлогогүй, дуулгаваргүй үйлдлүүд дэлхий ертөнцөд үхэл хагацлыг авчирсан. Есүс харин ямар ч бузар хүсэл тачаалгүй төрсөн бөгөөд гэмгүй түүний сайн дурын үхэл дэлхий ертөнцөд амь амьдралыг авчирсан.
  11. Тэр бол эхэн ба эцэс, тиймээс бүх амь амьдрал түүгээр шүүгддэг.
  12. Тэр үхлийг амссан тул бид амийг хүртэх боломжтой болсон. Хэдийгээр тэгэх шаардлагагүй байсан боловч тэр бүх зүйлийг, үхлийг хүртэл захирдаг гэдгээ үүгээр харуулсан.
  13. Тэр өөрийг нь үзэн яддаг хүмүүсийн төлөө хүртэл амиа зольсон тийм агуу үйлчлэгч байв. Үүгээрээ тэр өөр ямар ч үйлдлээр илэрхийлж боломгүй хүн төрөлхтөнийг гэх яндашгүй хайраа харуулсан.
  14. Түүний төгс төгөлдөр цус бидний өвчнийг эдгээж, бидэнд дуусашгүй амь амьдралыг өгдөг.

Ямар гайхам амжилтууд бас амлалтууд вэ! Энэ бүхэнд тэгээд миний амьдралд ямар нөлөөтэй юм бэ?

Бид Есүс бидний төлөө амиа өргөж, бидний төлөө бүхнийг хийсэн гэдэгт итгэснээр бид амийн төлөөсний шагналыг нь хүртэх эрхтэй болдог гэж Бурхан хэлжээ. Есүс бидний хараалыг өөртөө авсан тул бид хорон муугийн хараалаас чөлөөлөгдсөн. Чөлөөлнө гэсэн амлалт биелсэн тул чөлөөлөгдсөн, баяр хөөрийг олж авсан хүний хувьд Бурханыг хайрлаж, түүнд дуулгавартай байх хүч нь байгаа шүү гэдэг итгэл бидэнд бий.

Тиймээс бид урьдны ангижирч чадаагүй муу зуршлуудаа харахдаа найдваргүй байдлыг мэдрэх шаардлагагүй. Есүс бидний өөрийг төлсөн тул Бурхан биднийг харахдаа цэвэр ариун гэж хардаг. Энэхүү амлалт юу ч биднийг түүнээс холдуулахгүй гэсэн итгэлийг бидэнд өгдөг.

Бид өөрсдийн үйлсээрээ бус харин Бурханы нигүүлслийн улмаас аврагдсан тул өөрсдийн чадвар, хийсэн зүйлсээрээ бардамнан онгирох ёсгүй. Бидний Бурханд итгэх итгэл болон түүнийг хайрлах хайр минь бодит гэдгийн баталгаа бол бидний өөрчлөгдсөн амьдрал минь юм. Жишээлбэл, хэн нэгэн хүн эхнэрийгээ хайрладаг гэж амаараа хэлдэг атлаа эхнэрээ хамгийн түрүүнд тавьж, хайрлаж ханддаггүй бол тэр эр эхнэрээ үнэн сэтгэлээсээ хайрладаггүй болохоо баталж байна. Хэдийгээр тэр эхнэртээ маш их хайртай байсан ч түүний амьдралын хэв маяг нь хэлж буй үгсийг нь үнэгүйдүүлж байна гэсэн үг.

Бурханы мөн чанар, бидэнд амласан амлалтууд нь түүний биднээс хүсдэг амьдралаар амьдрах хүч болон шалтгааныг бидэнд өгдөг. Библид ийм хүч, ойлголтууд Ариун Сүнсээр л дамжин ирдэг бөгөөд Ариун Сүнстэй байна гэдэг нь бид Есүст итгэдэг гэдгийн, мөн бид түүний амиар зөвтгөгдөн угаагдсан хүмүүс гэдгийн баталгаа мөн гэжээ.

Бидний Есүст итгэх итгэл цэвэр ариун амьдралаар амьдарч, Христэд итгэгч хүн ямар байх ёстойг бусдад гэрчлэн харуулах хүч чадлыг бидэнд өгдөг. Энэ нь бид төгс төгөлдөр байх болно гэсэн үг биш, харин хэрэв бид Христэд итгэгч мөн л бол Бурхан биднийг төгөлдөржүүлсээр буй гэсэн үг юм.

Хэрэв бид эцсээ хүртэл итгэмжтэй байж чадвал бид дараагийн амьдралдаа бүрэн төгс төгөлдөр болгогдох болно.

Есүс биднийг яг л усан үзмийн модны мөчрүүд шиг гэж хэлжээ. Бид түүнийх болсноороо яг л усан үзмийн модны мөчрүүд шиг түүнээс хамааралтай болж амиар нь тэтгэгддэг. Түүний үндэс биднийг амиар тэтгэсэн хэвээр байх ч үр жимс ургуулдаг мөчрүүд байлгахын тулд Бурхан биднийг тайрч янзлах шаардлагатай. Түүний бидний дотроос ургуулдаг үр жимс бол хайр, баяр хөөр, амар амгалан, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл, сайн чанар, зөөлөн сэтгэл, үнэнч шударга зан, өөрийгөө хянах чадвар юм.

Бидний төлөөх Есүсийн үхэл болон аминд итгэх итгэлээр дамжуулж Ариун Сүнс амьдралыг минь өөрчилж байвал тэрхүү өөрчлөлт бидний итгэлийг бодитой, үр нөлөөтэй байгаагийн баталгаа болдог. Энэ амлалт Есүсийн үхлээрээ ялан дийлж, гүйцэлдүүлсэн бүхэн миний ялалт амжилт мөн гэдэг итгэлийг бидэнд өгдөг.

Сүнсний үр жимс биднийг авардаг юм биш. Бид өөрсдийгөө сайн хянаж чадаад, амар тайван байна гэдэг аврагдчихлаа гэсэн үг биш. Харин итгэгч болж амьдрал нь өөрчлөгдөж байгаа хүний амьдралаас үр жимс гардаг юм. Хэрэв таны амьдралаас үр жимс гарахгүй байвал та өөрийгөө үнэхээр Христэд итгэгч, түүгээр төгөлдөржүүлэгдэж байгаа хүн мөн эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.

Амьдралаа мөчир гэж үзвэл түүнийг услаж буй ус нь Есүсийн цус билээ. Есүсийн цусаар бид шинэ амьтай болж, түүгээр тэтгэгдэн, нэг модноос салаалсан мөчрүүд нь мэт амьдарч байна гэж үзвэл хүү болох Есүсийн гэрэлд, түүнтэй ойр цагийг өнгөрүүлснээрээ бид төлөвшин хүчирхэг болж ургах нь ээ.

ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ

Есүсийг амьдарч байсан үеэс барагцаагаар 700 жилийн өмнө бичигдсэн эщ үзүүллэгийн хэсэг болох Исаиа 52:13 – 53:12-ыг уншаарай. Дараа нь Иохан 19:16-42-ыг уншаарай. Эдгээр хэсгийн талаар бодол санаа, асуултаа бичээд, Христэд итгэгч өөр хэн нэгэнтэй хуваалцаарай. Есүс таныг эдгээхийн тулд амиа өргөсөн гэдгийг уншихдаа таны сэтгэлд юу мэдрэгдэж, танд хэрхэн нөлөөлж байна вэ?

Өмнөх Жагсаалт Жагсаалт Дараа нь