Хичээл 3
Есүс үхлээс дахин амилсан гэдгийг мэдэх үед бидэнд төрдөг найдварын цөмд нь Есүсийн үүрд амьд байгаа гэдэг нь юм. Хэрэв Есүс үхэгсдээс дахин амилаагүй бол бид түүний амиар амьдрахгүй байлаа шүү дээ. Харин түүний бидэнд өгдөг хамгийн гайхамшигтай бэлгүүдийн нэг бол түүний өөрийнх нь Сүнс билээ.
Түүний үхэл биднийг цэвэр ариун болгосон учраас бид Бурхантай амьдрах боломжтой болсон. Есүс үхлээс амилж, тэнгэрт болон бидний дотор үүрд амьдрах болсноороо тэр бидэнтэй үргэлж хамт гэдгээ өнөөдрийн амьдралд минь бодит болгосон юм. Бид үхсэнийхээ дараа ийнхүү үүрд амьдрах амлалтыг түүнээс авсан бөгөөд тэр үедээ бид мөнх бус, гэмтэж, өвддөг амь амьдралаа тайлж, дотор минь амьдарч байсан түүний дуусашгүй амьтай л үлдсэн байх билээ.
Есүс бол жинхэнэ Бурхан бөгөөд жинхэнэ хүн билээ. Хамгийн анхны эрэгтэй, эмэгтэй хүмүүс болох Адам, Ева хоёр мөнх амьдрахаар бүтээгдсэн хэдий ч тэдний хорон муу шийдвэрүүд тэднийг хөнөөсөн. Хорон муу нь эцэстээ биднийг хөнөөдөг буюу бидний үхлийн шалтгаан мөн. Харин Есүс хэзээ ч ямар ч буруу зүйл хийгээгүй учраас мөнх амьдардаг. Зөвхөн Бурхан л төгс төгөлдөр байдаг тул түүний мөнх амьтай гэдэг нь түүний төгс Бурхан гэдгийн баталгаа юм.
Хэдийгээр Есүс нас барсан боловч хорон муу түүнийг хөнөөж чадаагүй. Тэр сайн дураараа амиа өгсөн бөгөөд хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй учир үхэл түүнийг барьж дийлээгүй. Түүний цэвэр ариун байдал түүнд амиа эргүүлэн авах бүрэн эрхийг түүнд олгосон бөгөөд.
Тэр тийнхүү үйлдсэн.
Есүс дахин амилалаараа өөрийн хүч чадал, Бурханлаг чанар ба төгс төгөлдөр хүн чанараас гадна амь өгч, үхлээс амилуулах хүчтэйгээ бидэнд харуулсан. Гэхдээ үүнээс илүү тэр бидэнд өөртэй нь үүрд хамт дотно нөхөрлөж амьдрах боломжийг өгөхөөр эргэн ирсэн билээ.
Энэ талаар хэсэг зуур бодож үзье л дээ.
Тэр бидний дотор амьдардаг тул бид хэзээ ч ганцаардахгүй байж болно. Бид өдөр, хором бүрт түүнтэй холбогдож, харилцах боломжтой. Бид түүнд залбирч, түүний сэтгэл зүрх бидний зүрх сэтгэл дотор буйг мэдэрч болно. Тэр бидний бодол санааг мэддэг бөгөөд биднийг хайрладаг. Тэр бидэнд цэвэр ариун амьдрах хүч чадал өгдөг. Бид түүний хайр, баяр хөөр, амар амгалан, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл, сайн чанар, үнэнч шударга байдал, зөөлөн зан болон өөрийгөө хянах чадвар дотор амьдрах боломжтой. Үнэндээ бид Бурханы дотор амьдарч байх үед л амьдрал хамгийн бялхам байх болно.
Библи дээр бидний оршин буй шалтгаануудын нэг бол Есүстэй ойр дотно харилцаатай амьдрах гэсэн байдаг. Та, бид дэлхий дээрх өөр хэнээс ч илүү түүнд ойртож, түүнийг юунаас ч илүү хайрлаж, түүнийг баяртайгаар дагаж, үүрд хүндлэн магтахаар бүтээгджээ.
Бид Есүсийг хайрлаж, түүнтэй хамт амьдрахын тулд оршин байдаг тул Библи дээр Христэд итгэгчдийг “Христийн сүйт бүсгүй” гэж нэрлэдэг. Мөн Библи дээр түүнийг үгүйсгэсэн хэн боловч яллагдана гэж хэлсэн байдаг. Есүсийн өвөрт тэврүүлэх нь бидний байх ёстой, хүрэх эцсийн зогсоол минь мөн. Есүсийг үзэн яддаг хэн ч энэ тэвэрт хүрч чадахгүй бөгөөд; оронд нь тэд түүнээс үүрд тусгаарлагдах ажээ.
Цөөхөн хүн үүний ямар аймшигтай зүйл болохыг төсөөлж чадах биз. Учир нь олон хүмүүс амь амьдрал, баяр хөөр нь үнэндээ Бурханаас ирдэг гэдгийг ухамсарлаагүй байдаг. Бурхан зөвшөөрсөн учир бид өдөр тутамдаа энгийн боловч бидэнд баяр хөөр өгдөг зүйлсийг хүртэж, таашаадаг. Харин биднийг үхэхэд тэдгээр нь ч үгүй болох бөгөөд бид нэг бол Есүстэй хамт дуусашгүй баяр хөөртэй амьдарч, үгүй бол хагацал зовлонгийн аймшигтай үүрд үлддэг.
Одоо бид хорвоо ертөнцийн хамгийн сайхан газар, хүрэх зогсоол минь Есүсийн тэвэр юм байна гэдгийг багахан ч гэсэн ойлгож байгаа байх. Энэ дэлхий дээр байхдаа түүний амь, амар тайвныг жинхэнэ утгаар нь мэдэрч болно гэдэг бидний амьдралаас авч болох хамгийн дээд таашаал мөн. Есүстэй үнэхээр ойр дотно амьдардаг хүний амьдрал бидэнд түүнээс илүү зүйл өөр хаана ч байхгүй гэдгийг гэрчилдэг.
Мэдээж эхлээд түүнийг зүрх сэтгэлдээ оруулна гэдэг аймар санагдалгүй яахав. Бидний бүх булхай, хорон муухай илчлэгдэж, бид түүнд бууж өгөх шаардлагатай болно гэсэн үг шүү дээ. Гэвч бид түүнд бууж өгч, захирагдсанаар тэр бидний дотор үгээр хэлэмгүй эдгэрэл, өсөлт, хатуужил, урагшлах хүчийг өгдөг.
Хэрэв та Есүсийг эрэлхийлж, түүнд амьдралаа зориулбал тэр таны хамгийн дээд сэтгэл ханамж болж, таныг өөрчлөн ариусгах болно.
Ийнхүү та үхлийн дараа тэнгэрийн улсад түүний тэвэрт үүрд амьдрах болно.
ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ
Ром 1:1-7, 1 Коринт 15:1-5 болон Ром 10:9-10-т Есүсийн амилалын дараа дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг тул уншаарай. Дараа нь Даниел 12:2, Иов 19:23-27, Исаиа 26:19-21, Хосеа 6:1-2, Тооллого 21:9 (эдгээр эшлэлийг илүү сайн ойлгохын тулд мөн Иохан 3:14-15-ыг унш), Дуулал 16:9-10 болон Дуулал 71:19-24-ийг уншаарай. Эдгээрт Есүсийн амилалын талаар болон Есүсийг дэлхийд ирэхээс урт хугацааны өмнө амьдарч, түүнд үнэнчээр итгэсээр нас барсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Есүсийн амилал таны хувьд ямар утгатай талаар болон түүний үхлээс амилсан нь яагаад чухал гэж бодож буй талаараа бичээрэй. Хэрэв танд асуулт байгаа бол Христэд итгэгч өөр хэн нэгэнтэй ярилцаарай.