Languages

Хичээл 10

Бурханаар аврагдсан хүн бүр Бурханы сүм мөн. Бид бол сүм.

Хэрэв бид “бидэнд сүм хэрэггүй” гэж хэлж байгаа бол бид үнэндээ “бидэнд бусад Христэд итгэгч хэрэггүй, бид өөрсдөө ч Христэд итгэгч байх шаардлагагүй” гэж хэлж байгаатай агаар нэг юм.

Бид бол Бурханы гэр бүл. Христэд итгэгчийн амьдралаар амьдрахад гэр бүл минь тусалдаг. Бид бие биедээ хэрэгтэй бөгөөд гишүүд үгүй бол гэр бүл гээч нь байхгүй. Мөн хэрэв бид нэг нэгнээ хайраар дэмжин туслахгүй бол гэр бүл түнжин тасарна шүү дээ. Бурхан биднийг өөртэйгээ хамт амьдруулахаар бүтээсэн. Тиймээс хэрэв бид бусад хүмүүстэй эвлэлдэн нэгдэж амьдрахгүй бол амьдарч чадахгүй гэсэн үг.

Яг л галаас салгаж авсан нүүрс шиг бид ганцаараа бол бидний гал унтарна. Гэсэн хэдий ч хэрэв бид зүрх сэтгэл нь галд дүрэлзэн шатаж буй бусад Христэд итгэгчдийн хажууд хамтдаа байвал бидний гал дөл улам гэрэлтэн асах болно.

Библи дээр хамтдаа цугларахыг үл тоомсорлож болохгүй гэсэн байдаг. Хэрэв та Библи уншиж, залбирч, нэг нэгнээ Христэд итгэгчийн амьдралаар амьдрахад нь зоригжуулан дэмжихийн тулд бусад итгэгчидтэй тогтмол уулздаггүй бол та эцэс сүүлдээ Бурханаас холдох болно. Ийм аргаар бусад Христэд итгэгчидтэй хамт байх нь бидэнд өсөж хөгжихөд тусалдаг төдийгүй; биднийг урамшуулан дэмжиж, зоригжуулдаг. Энэ нь бидэнд өөрсдийн төрөлх хувиа хичээсэн мөн чанараасаа холдоход тусалдаг.

Бид зөвхөн уулзах ёстой гэдэг үүднээс л нэг нэгэнтэйгээ уулздаггүй. Хамтдаа байх нь үнэндээ бэлэг учраас бид нэг нэгэнтэйгээ уулздаг. Тэглээ гээд бид заавал Христэд итгэгч найз нарынхаа гэрт нь уулзах ёстой гэсэн үг биш ээ, мэдээж тэгвэл сайхан байлгүй л яахав. Гэхдээ бидэнд зүгээр л уулзахаас илүү чанартай уулзалт хэрэгтэй.

Бидэнд яг юу хэрэгтэй вэ?

Бидэнд хайраар дүүрэн найз нөхөд, хувийн хариуцлага, хатуу сургаал, Библийн эрх мэдэл болон бусад хүмүүсийг Христ руу ойртуулахад хөтлөх боломж хэрэгтэй.

Бурханыг таньж мэдэхдээ итгэмжтэй байж, өсөн төлөвшиж, Үгийн мэдлэгт суралцаж, амьдрал нь үнэхээр өөрчлөгдсөн хүмүүст Бурхан хоньчлох, удирдах байх суурийг өгсөн байдаг ба бид тэдгээр хүмүүсийн сүнслэг эрх мэдэл дор амьдрах хэрэгтэй. Хэрэв бид Үгийг чанартай заадаг бөгөөд заасан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүсийн сүнслэг эрх мэдэлд захирагдахгүй бол Бурханд итгэх итгэл маань түүний хүсдэгээс шал өөр зүйл болж өөрчлөгдөх болно.

Ихэнх хүмүүс өөрсдөөс нь хариуцлага нэхэж, тодорхой нэг арга барилаар амьдар гэж тэдэнд зааж зөвлөхөд дургүй байдаг шүү дээ. Амьдралыг минь хэн нэгэн шалган дүгнэж, буруу хийгээд байна, засаж өөрчил гэхийг сонсох тухгүй байдаг нь үнэн. Гэвч хэрэв бидний амьдралаас хэн ч хариуцлага нэхэхгүй, бидэнд хариуцлага тооцохгүй бол алдаа дутагдлууд маань хуран нэмэгдсээр тэсэрч бусдын амьдралыг хохироох болно.

Яг л Библи дээр гардгийн адилаар Бурханы Үгийг сайн заан хэрэгжүүлдэг багш нараар удирдуулсан сүм чуулганд хамрагдах нь биднийг хариуцлагатай итгэгчид болгон төлөвшүүлдэг.

Түүнчлэн сайн багш нарын эрх мэдэлэй байдал биднийг тархи угаагчдаас болон ашиглах гэж оролдох хүмүүсээс хамгаалдаг. Хэн нэгэн бидэнтэй зүй бусаар харьцах үед далбаан дор нь хорогдож, тусламж авч болохуйц хүмүүс бидэнд байна гэсэн үг юм. Ер нь ихэнхдээ л бидэнд арыг минь даан хамгаалах хүмүүс хэрэгтэй байдаг шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, сүм чуулган бидэнд зөв хүрээллийн хүмүүсийг бий болгоод зогсохгүй бусдыг ч Христтэй ойртуулахад тусладаг. Бурхан бидний амьдралыг өөрчлөхдөө түүнийгээ бусадтай хуваалцаарай гэж хэлдгийг нь мартаж болохгүй.

Сайн мэдээ тараах үед бүтцэд захируулахгүй байх нь арай хялбар байж болох ч сайн мэдээг хүлээн авны дараа тухайн хүнээ дагалдуулна гэдэг урт хугацааны шийд, зориулалт байдаг. Дагалдуулж байгаа хүнээ буруу чиглүүлэх, тус болох гээд ус болохоос сэрэмжтэй байхад болон өөрсдийг минь дагалдуулж, чиглүүлж, даруулгатай байхад туслах хоньчин удирдагчид заавал хэрэгтэй.

Та итгэл үнэмшил нэгтэй хүмүүсээ хэрхэн олох вэ? Эхлээд Бурханаас танд туслахыг хүсээд дараа нь эргэн тойрноосоо асуу. Цэвэр ариун, хайр энэрлээр дүүрэн амьдралаар амьдарч буй хүмүүсийг ажиглаад, тэднийг хаана сүмд явдаг болохыг олж мэдээрэй.Мөн сүм чуулганууд дээр очиж үзэх нь зүйтэй. Хүмүүсийг халуун дотноор угтан авч, дүр эсгэлгүй чин сэтгэлээсээ, хайраар дүүрэн байдаг сүмийг хайж олоорой. Библид элдэв хачиргүй заасан зүйлсэд эргэлзэлгүй бат итгэдэг номлогч, ахлагч нарыг олоорой. Тэд итгэдэг гэж ярьж буй зүйлсийнхээ дагуу амьдардаг эсэх нь тун чухал шүү. Хэрэв тэд заадаг зүйлсээ өөрсдөө хэрэгжүүлдэггүй бол түүндээ итгэдэггүй гэсэн үг юм.

Та аль ч сүм дээр очсон бай тэнд чинь хүмүүс нь нэг нэгнээ хайрлаж, үйлчилж байна уу? Тэд Библийг Үгийг хайрлаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрахад нь нэг нэгэндээ мэдэрч, харж болохуйц бодитоор тус болж байна уу? Хэн ч төгс төгөлдөр байж чадахгүй нь үнэн! Гэвч та амьдрал нь ороо бусгаа байгаа эсэхэд төдийлөн анхаардаггүй хүн болон хийсэн алдаандаа гэмшин өөрчлөгдөхийг хүсдэг хүн хоёрын хоорондын ялгааг төвөггүй олж хардаг шүү дээ.

Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй: Зочилж очсон сүм чуулганд чинь Бурханыг магтан алдаршуулж байна уу?

Төгс төгөлдөр хүмүүс гэж байдаггүйтэй адилаар төгс төгөлдөр сүмийнхэн гэж байхгүй. Боломжийн сүм олоод, тууштай явж, битгий гомдоллоорой. Харахыг хүсэж буй өөрчлөлтөө хийгээрэй. Христэд итгэхийг гэр бүлийнхэндээ уриалах боломжийг хайж олоорой. Хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хайрлаарай! Цэвэр ариун зүрх сэтгэлээр хайраар үйлчлээрэй. Бусад хүмүүсийн хувьд “сайн хүн” гэж тооцогдохоор бүү оролдоорой.

Бид хүмүүс учраас бие биедээ хэрэгтэй гэдгийг ухамсарлаарай. Бурхан таныг өсгөж төлөвшүүлэхийн тулд таны амьдралд тэвчиж чаддаггүй зан чанартай хүнийг оруулсан байж болохыг таашгүй. Магадгүй та тэднийг Христийн талаар мэддэг болоход нь аажмаар туслахын тулд амьдралд нь байгаа ч юм бил үү. Эв найрамдалтайгаар амьдарч, хамтдаа Бурханыг өргөмжлөөрэй. Тийм байх нь л сүм юм шүү.

ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ

Ирэх Ням гарагт хайж олсон нэг сүмдээ очоорой. Мэдэрсэн, мэдсэн зүйлсийнхээ талаар болон сүмд очих нь танд сэтгэл зүй, сүнслэг байдал болон бие махбодын хувьд яаж нөлөөлсөн талаар бичээрэй.

Өмнөх Жагсаалт Жагсаалт Дараа нь