Хичээл 10
Сүм бол Бурханаар аврагдсан бүх хүнд зориулагдсан. Бид бол сүм.
Хэрэв бид “бидэнд сүм хэрэггүй” гэж хэлж байгаа бол бид үнэндээ “бидэнд өөр бусад Христэд итгэгч хэрэггүй, бид өөрсдөө ч Христэд итгэгч байх шаардлагагүй” гэж хэлж байгаа юм.
Бид бол Бурханы гэр бүл. Энэ гэр бүлийн нэг хэсэг байх нь бидэнд Христэд итгэгчийн амьдралаар амьдрахад тусалдаг. Бид бие биедээ хэрэгтэй. Учир нь бие биенгүйгээрээ гэр бүл гэж байхгүй. Бие биенээ хайраар дэмжин туслахгүйгээр бид нуран унана. Бурхан биднийг өөртэйгээ хамт амьдруулахаар бүтээсэн. Хэрэв бид бусад хүмүүстэй эвлэлдэн нэгдэж амьдрахгүй бол амьдарч чадахгүй.
Яг л галаас салгаж авсан нүүрс шиг бид ганцаараа бол бидний гал унтарна. Гэсэн хэдий ч хэрэв бид зүрх сэтгэл нь галд дүрэлзэн шатаж буй бусад Христэд итгэгчдийн хажууд хамтдаа байвал бидний гал дөл улам гэрэлтэн асах болно.
Библи дээр хамтдаа цугларахыг үл тоомсорлож болохгүй гэсэн байдаг. Хэрэв та Библи уншиж, залбирч, нэг нэгнээ Христэд итгэгчийн амьдралаар амьдрахад нь зоригжуулан дэмжихийн тулд бусад итгэгчидтэй тогтмол уулздаггүй бол та эцэс сүүлдээ Бурханаас холдох болно. Ийм аргаар бусад Христэд итгэгчидтэй хамт байх нь бидэнд өсөж хөгжихөд тусалдаг төдийгүй; биднийг урамшуулан дэмжиж, зоригжуулдаг. Энэ нь бидэнд өөрсдийн төрөлх хувиа хичээсэн мөн чанараасаа холдоход тусалдаг.
Бид зөвхөн уулзах ёстой гэдэг үүднээс л нэг нэгэнтэйгээ уулздаггүй. Хамтдаа байх нь бэлэг учраас бид нэг нэгэнтэйгээ уулздаг. Хэдийгээр энэ нь таатай бөгөөд чухал хэдий ч бид Христэд итгэгч найз нарынхаа гэрт нь уулзах ёстой гэсэн үг биш юм. Бидэнд үүнээс илүү зүйл хэрэгтэй.
Бидэнд яг юу хэрэгтэй вэ?
Бидэнд хайраар дүүрэн найз нөхөд, хувийн хариуцлага, хатуу сургаал, Библийн эрх мэдэл болон бусад хүмүүсийг Христ руу ойртуулахад хөтлөх боломж хэрэгтэй.
Бид өөрсдийн амьдралын хэв маягаараа үнэнч шударга байдлаа баталж, Бурхан болон түүний Үгийг үнэхээр мэддэг болсны эцэст энэ байр сууриа олж авсан номлогч болон ахлагчдын зааварчилгаанд захирагдан амьдрах ёстой. Хэрэв бид өөрсдийн номлодог зүйлсийнхээ дагуу амьдардаг чадвартай багш нарын зааварчилгаанд захирагдаж байхгүй бол Бурханы талаарх бидний итгэл үнэмшил Бурханы хэзээ ч төлөвлөөгүй зүйл болж өөрчлөгдөж болзошгүй.
Ихэнх хүмүүс бусад хүмүүс өөрсдийг нь тодорхой нэг арга замаар амьдрахыг шаардахад дургүй байдаг. Өөрсдийнхөө амьдралыг бусдад шалгуулж, буруу байна, өөрчлөх ёстой гэж хэлүүлэх нь таатай байдаггүй. Гэвч бид хариуцлагатай байхгүй л бол бидний алдаа бусад хүмүүст хор хөнөөл учруулж, тэсрэх хүртлээ улам бүр хуримтлагдана.
Библи дээр танилцуулсан хүмүүстэй адил чадвартай багш нарын удирдлага дор сүмийн нэг хэсэг болсноор бид хариуцлага хүлээх чадвартай болдог.
Түүнчлэн чадвартай багш нарын эрх мэдэл биднийг бусдыг хүчирхийлэх дуртай хүмүүсээс хамгаалдаг. Энэ нь бидэнтэй зүй бусаар харьсан тохиолдолд туслалцаа эрэхээр очих боломжтой хүмүүсийг бидэнд өгдөг. Бидэнд ихэнхдээ арыг маань даах хэн нэгэн хэрэгтэй байдаг.
Эцэст нь хэлэхэд энэ нь бидэнд бусдыг Христ рүү ойртуулахад туслах арга замыг олох боломжтой хамт олны бүтцийг санал болгодог. Бид Бурхан бидний амьдралыг өөрчилснийхөө дараа биднээс өөрийнх нь талаар бусдад заахыг хүссэн гэдгийг мартаж болохгүй.
Зохион байгуулалтгүй орчинд сайн мэдээг түгээх нь хялбар байдаг боловч хүмүүсийг шавиар элсүүлэх нь урт хугацааны үүрэг хариуцлага юм. Бид хүмүүсийг буруу замаар хөтлөхөөс эсвэл туслахыг оролдож буй хүмүүстээ хор хөнөөл учруулахаас зайлсхийхэд маань туслах номлогч, ахлагчдын зааварчилгааны дагуу хүмүүсийг шавиар элсүүлэх ёстой.
Та итгэл үнэмшил нэгтэй хүмүүсээ хэрхэн олох вэ? Эхлээд Бурханаас танд туслахыг хүсээрэй. Дараа нь эргэн тойрноосоо асуу. Цэвэр ариун, хайр энэрлээр дүүрэн амьдралаар амьдарч буй хүмүүсийг ажиглаад, тэднийг хаана сүмд явдаг болохыг олж мэдээрэй. Сүмүүд дээр очиж үзээрэй. Хүмүүс нь дуртайяа угтан авдаг, чин сэтгэлээсээ, хайраар дүүрэн байдаг сүмийг хайж олоорой. Библид энгийнээр заасан зүйлсэд итгэдэг бөгөөд Библийн өгүүлсэн зүйлсэд эргэлздэггүй номлогч, ахлагч нарыг олоорой. Тэднийг итгэдэг гэж хэлсэн зүйлсийнхээ дагуу амьдардаг эсэхийг мөн шалгаарай. Үгүй бол тэд үүндээ итгэдэггүй гэсэн үг юм.
Та аль ч сүм дээр очсон бай хүмүүс нь нэг нэгнээ хайрлаж, үйлчилж байна уу? Тэд Библийг хайрлаж, таны мэдэрч, харах боломжтой бодит арга замаар итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрахад нь нэг нэгэндээ тус болж байна уу? Хэн ч төгс төгөлдөр байж чадахгүй! Гэвч та амьдрал нь тууштай эсэхийг хайхардаггүй хүмүүс болон алдаандаа гэмшдэг хүмүүсийн хоорондын ялгааг олж харж чадна.
Зүгээр л энэ асуултыг өөрөөсөө асуугаарай: Тэнд Бурханыг тахин шүтэж, өргөмжилж байна уу?
Төгс төгөлдөр хүмүүс гэж байдаггүйтэй адилаар төгс төгөлдөр сүмийнхэн гэж байхгүй. Боломжийн сүм олоод, тууштай явж, битгий гомдоллоорой. Харахыг хүсэж буй өөрчлөлтөө хийгээрэй. Христэд итгэхийг гэр бүлийнхэндээ уриалах боломжийг хайж олоорой. Хүмүүсийг үнэн сэтгэлээсээ хайрлаарай! Цэвэр ариун зүрх сэтгэлээр хайраар үйлчлээрэй. Бусад хүмүүсийн хувьд “сайн хүн” гэж тооцогдохоор бүү оролдоорой.
Бид хүмүүс учраас бие биедээ хэрэгтэй гэдгийг ухамсарлаарай. Таны дургүйг хүргэдэг хүн Бурхан таныг өсөж хөгжихөд туслахын тулд таны амьдралд оруулсан хүн байж болохыг та таашгүй билээ. Магадгүй та Христийн талаар мэддэг болоход нь аажмаар туслахын тулд тэдний амьдралд орсон байж ч болох юм. Эв найрамдалтайгаар амьдарч, хамтдаа Бурханыг өргөмжлөөрэй. Энэ бол сүм юм.
Гүн Гүнзгий Ухаж Үзэх
Нэг сүм олоод, ирэх Ням гарагт очоорой. Мэдэрсэн туршлагынхаа талаарх бодлоо болон энэ нь танд сэтгэл зүй, сүнслэг байдал болон бие махбодын хувьд яаж нөлөөлсөн талаар бичээрэй.