Хичээл 5
Бид өөрсдийн муу муухайгаас Бурхан луу эргэх үед тэр бидний хуучин бохир амьдралыг минь биднээс туун гаргаж, өөрөө бидэнд шинэ амь, баяр хөөр болон цутгадаг. Тэр бидний амьдралыг үзэх үзлийг минь ч мөн өөрчилдөг. Библид энэхүү үйл явцыг оюун санааны шинэчлэл гэж бичсэн байдаг.
Бурхан энэхүү өөрчлөлтийг бидний дотор Аврагч, Эзэн, мөн Анд нөхрийн гэсэн гурван зонхилох байр сууринаас хийдгийг бид Библиэс харж болно.
Есүс нас барахаасаа өмнө ч, дараа нь ч хүн байсан гэдгийг Библи бидэнд ойлгуулахын тулд их л нухацтай хандсан байдаг. Тэрбээр өөрийн дагалдагч нараа болон өөрийн хайртай хүмүүсээ "анд нөхөд" хэмээн дууддаг байсан.
Есүс үхлээс амилсныхаа дараа өөрийг нь хөнөөсөн хүмүүст тэднийг буруу байсныг нь батлах гэж оролдоогүй. Оронд нь тэр найзууддаа өглөөний зоог хийж өгөөд, дараа нь тэдэнтэй хамт алхаж, оройн зоог хамт барьсан байна. Өөр түүх дээр түүнийг гэртээ байцгаасан өөрийн найзуудад харагдаж, тэдэнд сорвио харуулаад, хамт хооллосон гэсэн нь ч бий.
Ингэснээрээ тэр хорвоо дэлхий дээр ирсэн түүний анхдагч зорилго бол хүмүүстэй харилцаа тогтоох байсан гэдгийг харуулахыг зорьсон.
Бүгдийг бүтээсэн Бурхан биднийг өөрийн найз гэжээ. Тэр Бурхан атлаа биднийг хайрлаж, бидэнд үйлчилдэг бөгөөд тэр эхлээд биднийг хайрласан тул бид түүнийг хайрлаж, түүнд үйлчилдэг. Тэр бидний дотор байж бидэндэй сэвтээгүй нөхөрлөлөөр бие биенээ хайрлаж, хүндлэн нөхөрлөдөг.
Та түүнийг хайрлаж, түүний өөрийнхөө талаар хэлсэн бүхэнд нь итгэвэл, та өөрийнхөө хорон муугаас нүүр бууруулж, амьдралдаа хайр, хүч чадлыг мэдрэх болно.
Мэдээж бид түүнтэй нөхөрлөхийг мэдрэхийн тулд тэр биднийг ёрын муугаас гэтэлгэж, бидний амьдралын гол цөм болох хэрэгтэй. Тэр бидний Аврагчийн хувиар биднийг үргэлж уучилж, чөлөөлдөг ба бид энэ талаар өмнөх хичээлүүд дээр үзсэн.
Тэгвэл Есүс бидний Эзэн байна гэсэн нь юу гэсэн үг вэ?
Эзэн хүн эрх мэдэлтэйгээр удирдан чиглүүлдэг нэгэн мөн. Тэр "энийг хий" гэсэн даруйд үйлчлэгчид түүний хэлснийг нь дуулгавартайгаар дагадаг. Түүнийг Эзэнээ болгохыг тэр биднээс шаарддаг гэдгийг Библи өгүүлдэг. Энэ бол түүнтэй нөхөрлөж амьдрахад тавигддаг урьдчилсан нөхцөл билээ.
Битгий андуураарай. Тэр биднийг дуулгавартайгаар дагах нэрийдлээр шүдээ зуун барин тэвчиж, өөрсдийгөө хүчлэхийг хүсдэггүй юм шүү. Он цагийн туршид түүнийг дагаж, дуулгавартай байхдаа шүд зуун өөрийгөө хүчилсэн хүмүүст Бурхан хилэгнэж байсан. Харин түүний оронд хүмүүс Эзэн Бурханыхаа таашаалд нийцэх хүслийнхээ улмаас түүнийг дуулгавартайгаар дагаасай гэж хүсдэг. Тэр биднийг заавал тэгэх ёстой гэхээсээ илүү жинхэнэ хайр, итгэлийн үүднээс өөрт нь амьдралаа зориулаасай хэмээн хүсдэг.
Хэрэв та түүнийг дуулгавартайгаар дагаж, түүнд амьдралаа зориулмааргүй байгаа бол, түүний ҮГ(Библи)ийг шимтэн уншаад түүний хэн болохыг, таныг хэн байхаар бүтээсэн болохыг, мөн таны төлөө юу хийснийг тунгааж нэг бодоорой. Тэгснийхээ дараа түүнийг таньж мэдэхийн тулд зориулалт гарган алхам хийгээрэй.
Хэн нэгнийг таньж мэдэх хүсэл сэтгэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаарх бодит жишээг энд дурьдъя. Хайртай хосууд гэрлэснийхээ дараа үргэлж нэг нэгэндээ анх дурласан үе шигээ сэтгэл татагддаггүй. Гэсэн ч тэд нэг нэгэндээ эелдэг дотно хандвал тэдний нэг нэгнээ гэсэн хайр нэмэгддэг шүү дээ.
Эхнэр нь нөхөртөө бэлэг авах болж түүнийгээ бэлдэж байхдаа нөхрийнхөө эелдэг сайхан сэтгэлийг боддог. Нөхөр нь хэчнээн итгэл даахуйц билээ хэмээн бодох зуураа төлөвлөсөн бэлгээ худалдан авч, дурсгалын үгс бичиж, нөхрийнхөө ямар хүн гэдгийг улам их бодон,түүнийхээ сайн нөхөр байдагт хариу үзүүлснээр эхнэрийн нөхрөө гэсэн хайр нэмэгддэг.
Яг л үүний адилаар бид Есүсийн хэн болохыг өөрсдөдөө сануулж, түүний бидэнд үзүүлсэн сайхан сэтгэлийн талаар бодох үед бидний зүрх сэтгэлд хайр оргилж, бодит болдог. Үүний хариуд тэр бидний хүслийг өөрчилж, түүний хэн гэдэгт итгэж, түүнийг хайр дотор дуулгавартай дагах хүчийг өгдөг.
Бурханы амлалтууд бидний амьдралд бодит болохын тулд бид түүний Үгийг уншиж, залбирч, түүний тушаалуудад итгэн дагаж, түүнийг гэсэн хайраа сэргээж байх хэрэгтэй. Бид түүнийг Аврагч, Эзэн, Анд нөхрөө болгоё гэж хүсэж, үйлдэхийн хэрээр тэр нь бидний оюун бодлыг шинэчлэн өөрчилж байдаг юм шүү.
Бурхан биднийг хэн болохыг өөрчлөхөд эдгээр чухал үйл явцыг ашигладаг. Тэр бидний мөн чанарыг, хэн бэ гэдгийг өөрийн Аврагч, Эзэн, Анд нөхрийн мөн чанарт итгэх итгэлээр дамжуулан өөрчилдөг.
ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ
Колоссай 1:15-23-ыг уншаад, Есүсийг дагаж, түүнийг яагаад өөрийн Аврагч, Эзэн, Анд нөхрөө болгохоор шийдсэн гэдгээ хуваалцмаар байгаа хайртай хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаарай. Бурхан амьдралыг тань хэрхэн өөрчилсөн талаарх түүхээ тэдэнтэй хуваалцах боломж болон тэдний зүрх сэтгэл нээлттэй байхын төлөө залбираарай. Тэр танд боломжийг нь гаргаад өгсөн ч та түүнийг нь ашиглаагүй яваа юм биш биз?