Хичээл 1
Бидэнд сайхан мэдээ байна. Бид Бурханд хайраар итгэж, дуулгавартай байвал тэр биднийг хайрлаж, уучилж, бидэнд дуусашгүй амьдралыг өгч, хорон муугаас чөлөөлж, өөртэйгээ дотно нөхөрлөх боломжийг амласан билээ.
Та үүнд итгэж байна уу? Та үүнийг өөрийн тань хувьд ямар утгатай болохыг ойлгож байна уу?
Библид биднийг мөнхийн мөнхөд Бурхантай хамт байж, түүнийг хайрлаж, түүнд дуулгавартай байхаар бүтээгдсэн гэсэн боловч бид тэгж чаддагүй шүү дээ.
Яагаад тэр вэ?
Учир нь бид төрөхдөө л түүнээс тусгаарлагдсан байсан нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, бид түүнийг мэддэггүй бөгөөд мэдэхгүй нэгнээ бид хайрлаж чадахгүй.
Хоёрдугаарт, бид төрөлхийн хорон муу хүсэлтэй байдаг бөгөөд тэх нь биднийг Бурханы амь амьдрал, мэдлэг, хайраас биднийг тусгаарладаг. Үхэл хагацал, өвчин зовлон, шударга бус байдал, дайн дажин, амьдралын бүх гуниг зовлон бол бидний хорон муу хүсэл шуналын үр дагавар билээ.
Тэгвэл хорон муу хүслүүд минь биднийг Бурханаас хэрхэн тусгаарладаг хэрэг вэ?
Бүх бузар муугийн үндэс бол хувиа хичээсэн байдал бөгөөд энэ чанар маань бидний бүх харилцааг гэмтээж, сүйтгэдэг. Эр хүн эхнэртэйгээ дотно болох тусмаа өөрийнх нь ямар үг, үйлдэл, бодол нь эхнэрийг нь гомдоож болохыг амархан мэддэг. Бурхантай харилцах бидний харилцаа ч үүнээс өөрцгүй. Бид Бурхантай хэдий чинээ ойрхон байна, төдий чинээ бидний хорон муухай байдал түүнийг хэрхэн шархлуулж, түүнээс биднийг холдуулан тусгаарлаж байгааг ойлгож эхэлдэг.
Бид түүнээс салан тусгаарлагдахад Бурханы хариу үйлдэл юу байсан юм бол?
Бурхан бидэнтэй дотно нөхөрлөлөө сэргээхийн тулд өөрөө хүн болохоор шийдсэн. Тэрхүү хүн нь Есүс байв.
Бурханы хувьд хүн болох нь яагаад чухал байсан бэ?
Нэгдүгээрт, бидэнтэй хувийн холбоо тогтоохын тулд. Хоёрдугаарт, бидний баяр хөөр, өвчин зовлон, бэрхшээлийг өөрөө туулахын тулд. Гуравдугаарт, бидний хорон муугийн шийтгэлийг өөртөө үүрч бидний өмнөөс үхэх гэж. Дөрөвдүгээрт, бидний бузар мууг угааж, бидэнтэй дотно нөхөрлөл тогтоож, дахин амилж бидэнд дуусашгүй амь амьдралыг өгөхийн тулд тэрээр хүн болжээ.
Бурхан бузар мууд зохих шийтгэлийг өгдөг шударга гэдгийг зарим талаараа батлахын тулд Есүс бидний өмнөөс үхэхийг сонгосон. Бузар муухайг харсаар байж зүгээр өнгөрөөдөг Бурхантай байхыг бид хүсэхгүй байсан шүү дээ. Есүсийн үхэл ч бас Бурханыг тийм биш гэдгийн баталгаа юм. Учир нь Бурхан өөрийнхөө хүмүүсийн бузар муухайг харахдаа өөрөө хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй гэмгүй атлаа бидний оронд өөрийгөө үхэлд тушаан шударга бөгөөд бидэнд хайртайгаа илэрхийлсэн.
Түүнд байсан хамгийн том зорилго нь биднийг өөртэй нь жинхэнэ нөхөрлөл дотор амьдарч, бузар муу хүслүүдээс минь чөлөөлж, зүрх сэтгэлийг минь өөрчлөн шинэчлэх байсан. Үүнийг Библид “дахин төрөх” гэж нэрлэдэг. Энэ нь бүрэн өөрчлөгдөж, өөрсдийн хорон муу хүслийнхээ боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхантай ойр дотно харилцаатай амьдрах амьдралыг хэлж байгаа юм.
Есүс бидний өмнөөс шийтгэлийг минь үүрсэн гэдгээр л энэхүү сайн мэдээ төгсчихөөгүй.
Нас барсныхаа дараа Есүс үхлээс дахин амилсан бөгөөд одоо ч амьд гэдгийг Библид бичсэн байдаг. Бидний эмтэрч, эрэмдэглэгдсэн амьдралын оронд өөрийн төгс амийг өгье хэмээн тэрээр амийн солилцоог бидэнд санал болгосон. Энэ гайхамшигтай саналыг бид хүлээж авах үед, түүний Сүнс бидний дотор амьдарч, бузар муухай хүсэл, бодлуудыг минь аажмаар өөрийнх нь сайн сайхныг мэдэх хүслээр сольж биднийг шинэчилдэг.
Бидний цэвэрлэгдэж, төгс төгөлдөр болж буй үйл явцыг ариусгал гэж нэрлэдэг. Бид энэ амьдралыг дуусгах хүртлээ бүрэн төгөлдөржихгүй. Гэсэн ч төгс болгогдох үйл явц нь бидэнд бодитой үр дүнг харуулдаг.
Үр дүн гэгчийг өөрөөр сүнсний үр жимс ч гэж нэрлэдэг: хайр, баяр хөөр, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэл, сайн чанар, зөөлөн зан, үнэнч шударга байдал болон өөрийгөө хянан захирах чадвар. Хэрэв бид Христ итгэгчид мөн бол, эдгээр чанарууд бидний дотор улам илүү төлөвшин тогтоно. Хэрэв эдгээр чанарууд биднээс харагдахгүй байгаа бол бид Бурханд дуулгавартайгаар захирагдаж, Библи уншин, өөрийн муугаас эргэн, түүнийг магтан хүндэлж, түүнд ойртох цаг нь болжээ гэсэн үг.
Сүнсний үр жимсийг ургуулдаг нь бид биш. Харин бид Христийг илүү ихээр хайрлаж, түүнд ойртох үед Ариун Сүнс л бидний дотор тэдгээр үр жимсийг ургуулж чадна.
Библи дээр биднийг загалмайгаа үүрээд, Есүсийг дагах ёстой гэсэн байдаг. Ингэж хэлсэн нь бид өөрсдийн хувиа хичээсэн занг тийнхүү үхүүлэхийг илэрхийлэн хэлж буй хэрэг юм. Есүс загалмайгаа (тамлалын хэрэгсэл!)үүрээд, түүн дээр өлгөгдөж амиа алдсаны нэгэн адилаар бид хувиа бодсон зангаа загалмай үүрэх мэт хэцүү байсан ч тийнхүү үхүүлэх ёстойг бэлэгдсэн нь тэр ажээ.
Энэ яагаад тийм чухал гэж? Учир нь бидний аминч хүсэл Бурханы хүсэлтэй дайтаж байдаг. Харин Есүс биднийг тэмцэлдэлгүй түүнд бүрэн бууж өгч, итгэхийг шаарддаг. Тэр биднээс аминч хүслээ Бурханы хүслээр солихыг хүсдэг. Энэ нь өөрийн хайраа Бурханд болон түүний хүмүүст даруухнаар үйлчилж илэрхийлэх явдал юм.
Бид Бурханд бүрэн бууж өгч, тэр л бидэнд бүрэн сэтгэл ханамжтай байлыг өгч чадна гэдэгт итгэснээр тэр бидэнд дуулгавартай байх хүсэл эрмэлзлэл, хүчийг өгдөг. Энэ нь яг л түүнийг өөрсдийн амьсгалах агаараа болгохтой адил юм. Есүсээр амьсгалаа авч, түүгээр амьсгалаа гарга. Дахин давт. Өдөр бүр. Үхэл ирэх тэр өдөр хүртэл. Түүний дайснуудаа хүртэл хайрла гэж тушаасныг дагахад үнэхээр их зориг шаардах авч тэр эргэлзээгүй үргэлж тусладаг.
Түүний Сүнс бидний дотор байдаг тул Есүстэй тогтоосон бидний харилцаа холбоо нь бидний мэдэрч болох хамгийн дотны харилцаа юм. Та Бурханд хайртай байж түүнд итгэж, дуулгавартай байснаар энэхүү харилцаа холбоо таны амьдралыг өөрчлөх болно. Таныг алдаа гаргах үед тэр танд Бурхантай эргэн ойртож, түүнийг хүндэтгэхэд туслах болно.
Ингэж амьдрах нь танд дуртай зүйлсээ хийж 'мөрөөрөө' амьдарч болохгүй болчих вий гэж бодогдуулж байж магад. Харин Бурханыг хайрлаж, түүнд дуулгавартай байх нь амьдралдаа Бурханы амар амгалан, баяр хөөрийг мэдэрч 'мөрөөрөө' амьдрахаас ч илүү таашаалтай сэтгэл хангалуун байлгадгийг дуулгахдаа таатай байна.
Хэдийгээр бид энэ амьдралын бузар муухай хүсэл бодлоосоо хэзээ ч бүхэн чөлөөлөгдөж чадахгүй, алдаа гаргасаар байх боловч өөрсдийн хорон муухай хүслээ гүйцэлдүүлэлгүй Есүсийг хайрлаж түүнд төвлөрснөөр тэдгээр хүслүүд тэжээгдэж чадалгүй хүчээ алддаг. Ингэснээр бид цэвэр сэтгэлээр Бурханд итгэж, амьдрал, хорвоо ертөнцийг харж, харилцаанууд маань хүртэл эрүүлждэг.
Бидний ихэнхийн итгэхэд хэцүү байдаг нэг амлалт бол тэр бидний хүсэл тачаалыг минь хүртэл өөрчилдөг гэсэн амлалт юм. Гэвч тэр үнэхээр өөрчилдөг нь үнэн шүү. Үгүй байсан бол сайн мэдээ сайн мэдээ биш байх байлаа шүү дээ.
Тэгвэл яагаад илүү олон итгэгчид сайн сайхан амьдрахгүй байгаа юм?
Бүх Христэд итгэгч хүмүүс муу муухайгаасаа ангид, чөлөөтэй амьдарч болох ч зарим тохиолдолд бид зүгээр л тэгмээргүй, зөрмөөр өөрийнхөө махбодийн хүслээ дагамаар үе тохиодог, Христэд итгэгч болсныхоо дараа ч.
Зарим хүмүүс Бурхан үнэхээр чөлөөлж өгдөг гэдэгт эсвэл бүр тийм юм байж болдог гэдэгт итгэдэггүй тул муу зуршил, хүсэл тачаалын хүлээснээсээ чөлөөлөгдөж чаддаггүй. Үлдсэн хэд нь өөрийн бузар муухайгаас чөлөөлөгдөх үйл явц төдийлөн тухтай мэдрэмж биш тул саналаараа татгалзсаар байдаг. Учир нь чөлөөлөгдөхийн тулд Бурханд тасралтгүй бууж өгч, захирагдах шаардлага гардаг.
Тэр нь юу гэсэн үг вэ?
Бурханд бүрэн буулт хийж Түүнд захирагдах шийд гаргасныхаа дараа ч бид тасралтгүй түүнд захирагдсаар байх тушаалыг авдаг. Ийм шийдийг нэг л удаа биш байнга гаргахын учир нь бид хэн нэгэнд захирагдахаас илүү өөрийн хувиа хичээх хандлагаа урьтал болгодог мөн чанартай учраас тэр юм. Библид үүнийг хүний төрөлхийн гэмт чанар гэж тодорхойлсон байдаг бөгөөд бид төрөхөөсөө үхэх хүртлээ энэ чанараа агуулсаар байдаг.
Харин бид Бурханд итгэн түшиглэж, бузар муугаасаа эргэн, залбирч, магтаал хүндлэл өргөж, Библи уншиж, мөн бусад Христ итгэлт хүмүүстэй хамтран цуглах явцад бидний дотор оршин буй Христийн Сүнс бидний хувиа хичээсэн хүслүүдийг өөрчилж, гэмт чанараас минь чөлөөлөх дэвшилтүүдийг бидний дотор хийж байдаг.
Мэдээж өсөлт, ахиц гарахад хугацаа орно. Тиймээс явцын дунд найдвараа гээчихэж болохгүй.Ахиц дэвшил, өсөлт удаан байх нь огт өсөж хөгжихгүй байх шалтаг чинь байж болохгүй.
Бурханыг хүндэлж амьдарна гэдэг дэлхийн өөр юунаас ч илүү урт хугацааны баяр хөөр, амар тайванг өгдөг. Бид муу болохоор нь бузар муугаасаа нүүр буруулж байгаа хэрэг биш, харин тэрхүү муу хүсэл тачаалынхаа орон зайг Бурханаар дүүргэх нь түүнтэй зүйрлэшгүй сайхан юм гэдгийг л ойлгох гээд байгаа юм шүү дээ.
Бурхан өөрийнхөө яруу алдарт ажлыг бидэнтэй хамтран хийхийг хүсдэг. Түүнд захирагдаж, түүгээр удирдуулах нь үнэндээ ямар сайхан нөхөрлөл байдаг юм бэ гэдгийг бусадтай хуваалцах хүсэл сэдлийг ч тэр бидэнд өгдөг. Үүнийг сайн мэдээ түгээх гэж нэрлэдэг бөгөөд тэдгээр сайн мэдээ хуваалцсан хүмүүс өөрсдөө Бурханыг мэдрэх хүртэл нь туслан дэмжихийг дагалдуулалт хэмээдэг билээ.
Түүний бидэнд өгдөг зүйлс нь бусадтай хуваалцахгүй байхын аргагүй сайн бөгөөд сайхан зүйлс байдаг. Эзэн сайн гэдгийг өөрийн амьдралаар амсаж мэдсэн л бол бусад хүмүүсийг ч бас тэр их эрх чөлөө баяр хөөрийг мэдрээсэй гэж хүссэндээ бид 'цаанаасаа' л хуваалцаж эхэлдэг.
Дахин хэлье, сайн мэдээ (үнэндээ хамгийн сайн мэдээ!) бол ийм юм: Бид Бурханыг хайрлан түүнд итгэж, дуулгавартай байх аваас тэр биднийг уучилж, мөхөшгүй мөнх амийг өгч, бузар муугаас чөлөөлж, өөртэй нь дотно нөхөрлөх нөхөрлөлийг амласан. Хэрэв бид амьдралынхаа төгсгөл хүртлээ итгэмжтэйгээр түүнд найдаж, итгэвэл үхэл хагацал, өвчин өвдөлт, муу муухай хараал бүхнээс бүрэн чөлөөтэй шинэ биеийг хүлээн авч, үүрд түүнтэй хамт байхыг ч тэр амласан.
Муу мэдээ нь гэвэл Бурханы өгч буйг хүлээн авахаас татгалзсан хүн бүр анхнаасаа л хорон муугийнхаа төлөөс болгон хүртэх байсан тэрхүү эцэс төгсгөлгүй шийтгэлээ амсан зовж, Бурханаас тусгаарлагдах юм.
Бурханы сайн мэдээ болон түүнийг хүлээн авахаас татгазагсдад ирэх муу мэдээ нь бидний амьдралдаа мэдэх ёстой хамгийн чухал үнэнг мэдүүлж буй тул Сайн мэдээ гарцаагүй мөн.
Бид Бурханыг алдаршуулж, үүрд түүнтэй хамт байхын тулд оршдог. Бид өөрсдийнхөө таашаалд нийцүүлсэн амьдрал болон Бурханы таашаалд нийцүүлсэн амьдралын аль нэгийг нь сонгох хэрэгтэй гэж бид бодоод байдаг. Үнэндээ өөрийн махан биеийн хүсэлдээ бууж өгөх нь түр зуурын л таашаал өгдөг. Хорон хүсэл тачаалаа хангах нь эцэстээ сэтгэл гутрал, өөрийнхөө үнэ цэнийг үнэгүйдүүлэх мэдрэмж, донтох зэрэг хөнөөлтэй авирт хөтөлдөг. Хорон муу биднийг захирч, баяр хөөрийг маань үгүй хийж, биднийг хоосон, ганцаардмал болгодог ба тийнхүү биднийг боолчилж байдаг.
Бид төрөлхийн хорон муухай зан чанартаа хөтлөгдөн, гүйцэлдүүлдэг боол нь байхын оронд Бурханы сайны төлөө үйлчлэхийг сонгох үед түүний Сайн мэдээндээ амласан бэлгүүд, Бурханы өөрийнх нь оршихуй бидний амьдралд булаагдашгүй баяр хөөр, эрх чөлөөг мэдрүүлдэг юм шүү.
Үүнийг олж авахын тулд бүхнээ өгөх хэрэгтэй. Бидний бүх дуулгаваргүй байдлыг тэр бүгдийг нь уучилж, шинэ амь өгч, хайр энэрэлээр дүүргэе гэсэн.
Үүнийг санаж явах хамгийн хялбар арга бол Авралын найраг билээ:
Есүс Та загалмай дээр нас барж
Төөрсөн бидний төлөө амилсан
Миний бүх гэм нүглийг уучилж
Аврагч, Эзэн, Анд минь болооч
Амьдралыг минь өөрчлөн, шинэчлээч
Аврагч Эзэн Таны төлөө
ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ
Есүс нас барахынхаа өмнө та бидний төлөө залбирсан залбирлыг тэмдэглэн үлдээсэн Иохан 17-р бүлгийг уншаарай. Есүсийн хэлсэн зүйлсээс сонирхолтой санагдсан бүх хэсгүүдээ тэмдэглэхийг хичээгээрэй. Мөн тэдгээр асуулт, тэмдэглэлээ өөр нэг Христэд итгэгчтэй ярилцаарай. Есүс таны төлөө хувьчлан залбирдаг гэдэг талаар таны бодол юу вэ?