Languages

Хичээл 9

Бурхантай ярилцахыг залбирал гэдэг.

Залбирлын энгийн жишээг Есүс Матай 6:9-13 дээр “Эзэний Залбирал” гэж нэрлэгдсэн хэсэг дээр харуулсан. Түүний найзуудын нэг нь хэрхэн залбирахыг асуусны хариулт нь энэхүү залбирал байлаа.

Найзуудтайгаа бид олон зүйлсийн талаар ярилцдаг шиг залбирал ч бас олон төрөл байдаг. Бид бусад хүмүүсийн төлөө мөн өөрсдийнхөө төлөө залбирч болно. Бид хамгаалалт, эдгэрэл, хүч чадал ба мэргэн ухааныг хүсэн залбирч болно. Бид Бурханы сайн сайхан чанар, өршөөл болон уучлалд талархаж болно. Бид түүнд юунд дуртай тухайгаа хэлж болно. Бас түүний бидэнд өгсөн зүйлсийнх нь төлөө түүнд талархаж эсвэл өөрсдийн санаа зовж буй зүйлс, айдас, эргэлзээ болон асуултуудаа ч хэлж болно.

Эдгээр нь бүгд сайн залбирлууд мөн!

Бидний залбирал чин сэтгэлийнх байх нь Бурханд тун чухал. Тэр таны бүх бодлуудыг мэдэх тул чин зүрхнээсээ залбирах хэрэгтэй. Түүний өмнө даруугаар, талархалтайгаар, мөн тэр залбирлыг тань чих тавин сонсож хариулна гэсэн бүрэн итгэлтэйгээр залбираарай.

Залбирахдаа гараа өргөж, өвдөг дээрээ тавьж, эсвэл зөрүүлсэн ч болно. Нүдээ аньж эсвэл нээлттэй залбирсан ч болох ба алхангаа, зогсож байхдаа, толгой гудайлган эсвэл бүр хэвтээд ч залбирч болно. Залбиралд цаг хамаагүй бөгөөд өглөө, орой, өдөр эсвэл бүх л өдөржингөө залбирсан ч болно.

Залбирал утга төгөлдөр, цэцэн цэлмэг байх шаардлагагүй. Бурхан гоё сайхан үгс сонсоод уярдаггүй. Бурхан үг, үйлдлээс ч гүнзгий рүү өнгийдөг тул үнэн байгаарай. Өөрөөрөө байж, Бурхантай хүндэтгэлтэйгээр ярилцаарай. Тэр таны залбирлыг сонсохыг хүсдэг төдийгүй тантай хамт байх дуртай гэдэгт итгээрэй.

Ганцаараа болон бусадтай хамт залбираарай. Хамтдаа залбирах чухал шүү! Хамт залбирах үед бид улам нэгдмэл болдог бөгөөд энэ нь Бурханы таалалд нийцдэг.

Чанга залбирдаг хүмүүсээс бүү санаа зовоорой. Залбирал бидний тухай биш харин өөрийн зүрх сэтгэлээ Бурханд илэрхийлж түүнтэй ойр дотно болох зорилготой билээ. Хэрэв хэн нэгэн таны залбирлыг шоолвол асуудал таны залбиралд биш тухайн хүнд байна гэсэн үг. Тохуурхал бардам зангаас үүдэлтэй бөгөөд бардам байдал өөрөө бузар муу ажээ.

Христэд итгэгч бүр хичээнгүйлэн залбирах дадлыг хөгжүүлэх ёстой. Энэ нь өдөр бүр залбирах цаг төлөвлөнө гэсэн үг юм. Хэрэв та ийм дадлыг бий болгохгүй л бол залбирал таны амьдралаас алга болох болно. Хэрэв та тогтмол хуваариар залбирч сураагүй бол арван таван минутын хугацаатай залбирч эхлээрэй. Ингэхдээ өдрийн ажлаа эхлэхээс өмнө, өглөө эрт цагаа төлөвлөхийг зөвлөж байна. Өдрийн бусад цагаар эсвэл шөнө та ядарсан, завгүй эсвэл анхаарал тань сарнисан байж болзошгүй учраас өглөөд илүү үр дүнтэй байх хандлагатай байдаг. Залбирал нь таны өдрийг сайн тал руу нь өөрчилдөг давуу талтай.

Залбирлынхаа цагийг өөр өөр хэсгүүдэд хуваагаарай. Залбирлын төлөвлөгөө бичих нь танд илүү тустай байж болох юм. Ингэснээр та юуны тухай залбирахаа мэдэхгүй, эвээ олохгүй байх үед бичсэн зүйлс тань сануулга болж өгдөг.

Та мөн дараах загвараар залбирч болно: эхлээд, өөрийн гаргасан аливаа алдаагаа түүний өмнө гэмшин, Бурханаас уучлал хүсээрэй. Дараа нь түүний сайн сайхан, уучлал, зөөлөн сэтгэл болон хайранд талархахад хэдэн минут зарцуулаарай. Түүний итгэмжит байдал, хүч чадлыг магтан дуулахад дахиад хэдэн минут зарцуулаарай. Үүний дараа гэр бүл, найз нөхдийнхөө төлөө залбираарай. Бурханыг тантай ярилцахыг хүлээж, хэсэг зуур чимээгүйгээр түүнийг сонсохыг хичээгээрэй. Ингээд эцэст нь Бурханаас тухайн өдрийн турш таныг хүчтэй байхад туслахыг залбиран гуйгаад залбирлаа өндөрлөөрэй.

Та мөн Библийг залбирлынхаа удирдамж болгон ашиглаж болно. Жишээлбэл, Библийг уншаад, дараа нь уншсан зүйлийнхээ талаар Бурхантай ярилцаж, танд ойлгомжгүй санагдсан зүйлсийг ойлгоход тань туслахыг түүнээс хүсээрэй.

Сайн зуршлыг суулгахад хугацаа ордог. Уг үйл явцад тэвчээртэй хандаарай. Өөртөө тэвчээртэй хандаарай. Зүгээр л залхуурч болохгүй.

Өдөр бүр залбирахад арван таван минутыг зарцуулахад тууштай байснаар ихэнх хүмүүс залбирлын хугацаагаа уртасгахыг хүсдэг. Энэ бол гайхамшигтай зүйл юм! Бид хугацаагаа өөр өөр зүйлд төвлөрүүлэн хуваах нь тустай хэвээр буйг олж мэдсэн юм. Энэ нь биднийг цөхөрч эсвэл бухимдахаас сэргийлдэг.

Залбирал бол зориудаар хийгддэг зүйл билээ. Хайрын адилаар энэ нь бодит болохын тулд идэвхтэй байх хэрэгтэй.

Хэрэв та хэрэгжүүлж үзье хэмээн шийдвэл, нэг цагийн туршид залбирах нь зөвхөн боломжтой байгаад зогсохгүй, үнэхээр сайхан байдгийг мэдрэх болно! Үүний учир нь бид залбирах хэрэгцээтэйгээр бүтээгдсэн ба Бурхантай ойр дотно харилцаатай байхыг үнэндээ юу юунаас илүү хүсэж байдаг. Тэрхүү дотно харилцаа биднийг өөрчилдөг.

Бурхан биднийг залбиралд дууддаг. Бурхан биднийг өөртэй нь ярилцаасай гэж хүсдэг бөгөөд түүнтэй ярилцах нь бидний сүнсийг өөр юутай ч харьцууламгүй сэтгэл ханамжтай болгодог. Бид залбирлаар Бурхантай ярьж, түүнд бүхнээ даатгадаг. Тиймээс залбирлыг үл ойшоох нь бид өөрсдийгөө болон өөрийн хайртай хүмүүсээ хөсөр хаяж, үл ойшоож байна гэсэн үг. Тиймээс хамтдаа Бурханд цаг гаргаж, өдөр бүр түүгээр хүчирхэгжин, зоригжицгооё!

Тэр өөрийн оршихуйгаараа бидний сэтгэлийг дүүргэж, баярлуулахыг хүсдэг. Бурхан таныг өөрийг нь таньж мэдээд хамгийн сайхныг нь хүртэж амьдраасай гэсэндээ тантай цаг өнгөрөөхийг хүсдэг юм шүү.

Бурханд зориулах цагаа тусгайлан гаргахгүй л бол өдөр тутмын чинь аар саар зүйлс түүнтэй өнгөрөөх цагийг чинь хулгайлах болно. Хэрэв та залбиралд цаг гаргаагүй бол амархан урам хугарна, ганцаардна түүгээр ч барахгүй сорилтонд орж, бузар мууд автах нь илүү хялбар байх болно. Харин та хичээнгүйлэн залбиралд цаг гаргасаар байвал Бурхан таныг төсөөлснөөр чинь ч илүүгээр шагнах болно.

Бурхан таны төлөө залбирдаг гэдгийг та мэдэх үү?

ИЛҮҮ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ

Таван минутын турш дараах аргаар залбираарай: магтан дуулж; гэм буруугаа хүлээж; Дуулал номоос нэг бүлэг уншиж; талархан; хүндэтгэн магтаж; түүнийг тантай ярихыг хүлээж; өөрийн хүсэлтээ Бурхантай хуваалцаж; бусдын төлөө залбираарай; мөн Дуулал 23 эсвэл өөр нэг дууллаар залбирах; Бурхан гэж хэн болох талаар бясалгах; таныг өөр шигээ болгож хүчирхэгжүүлэхийг түүнээс хүсэх; дараа нь дахин магтан дуулснаар өндөрлүүлээрэй.

Өмнөх Жагсаалт Жагсаалт Дараа нь